Хайх

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 1 сарын 28, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, buongiorno!

Өнөөдрийн Сайн мэдээний айлдал (Марк 1:21-28) бидэнд өөрийг нь унагаж татвалзуулан, чанга дуугаар орилуулах (ишлэл 23, 26) "бузар сүнстэй" нэгэн хүнийг Есүс чөлөөлсөн тухай өгүүллээ. Үүнээс чөтгөрийн арга барилыг харж болно. Чөтгөр "сүнсийг маань гавлаж гинжлэхийн" тулд биднийг эзэмдэхийг хүсдэг. Тэр бидний сүнсийг гинжлэхийг хүсдэг. Чөтгөр үргэлж эрх чөлөөг маань булаадаг учраас эрх чөлөөг боомилдог "гинжнүүдээс” бид болгоомжлох ёстой. Зүрх сэтгэлийг гавлан байдаг гинжнүүдийг нэрлэх гэж оролдъё.

Биднийг боолчлон байнга сэтгэл ханамжгүй болгодог, эрч хүч, эд хөрөнгө, бусадтай харилцах харилцаануудыг маань үгүй хийдэг төрөл бүрийн донтолтууд санаанд орж байна. Хүмүүсийг эд бараа мэт үзэж, хүн хоорондын харилцааг муутгадаг хүрэхийн аргагүй төгс байдал, хэрэглээ болон таашаалыг эрэлхийлэгч нийгмийн давамгай чиг хандлагууд ч мөн гинж болдог. Өөрийгөө үнэлэх үнэлэмж, амар амгалан байдал, амьдрахыг сонгож амьдралыг хайрлах чадварыг алдагдуулдаг уруу таталт, тогтсон итгэл үнэмшлүүд ч зүрхийг маань гинжилж байдаг. Мөн ирээдүйг гутранги, сэтгэл ханамжгүй байдлаар харахад хүргэж, үргэлж бусдад бурууг тохож байдаг айдас бас л нэгэн гинж болно. Эднээс гадна маш муухай нэгэн гинж бий. Энэ нь эрх мэдлийг шүтэх явдал. Энэ гинж хүмүүсийн хооронд зөрчилдөөн үүсгэж, алж хөнөөх зэвсэг эсвэл эдийн засгийн шударга бус байдал, хүмүүсийн бодол санаанд нөлөөлөх арга мэх зэргийг ашигладаг.

Бидний амьдралд үнэхээр олон гинж байх аж.

Есүс биднийг энэ бүх гинжнээс чөлөөлөхөөр ирсэн. Есүс "Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү?" (ишлэл 24) гэж хашхирч Өөрийг нь сорих чөтгөртэй нүүр тулахдаа "Дуугүй бай. Түүнээс гар!" (ишлэл 25) гэж хариулдаг. Есүст чөтгөрийг хөөх хүч бий. Есүс биднийг хорон муугийн хүчнээс чөлөөлөхдөө чөтгөрийг хөөн зайлуулдаг боловч хэзээ ч түүнтэй хэлэлцээр хийдэггүй гэдгийг анхаараарай! Тэр хэзээ ч чөтгөртэй хэлэлцээр хийж байгаагүй бөгөөд цөлд соригдох үедээ чөтгөрт үргэлж Библийн үгсээр хариулж байсан билээ. Есүс хэзээ ч чөтгөртэй харилцан яриа өрнүүлж байгаагүй. Ахан дүүс ээ, бид хэрхэвч чөтгөртэй ярилцаж болохгүй! Чөтгөртэй ярьж эхэлбэл тэр үргэлж биднийг дийлдэг учраас түүнтэй ярилцах боломжгүй. Тиймээс болгоомжтой байцгаа. 

Тэгвэл чөтгөрт соригдож, дарамтад орсон үедээ яах ёстой вэ? Чөтгөртэй тохиролцоонд хүрэх үү? Үгүй ээ. Түүнтэй ямар ч хэлэлцээр хийх ёсгүй. Харин бид Есүсийг дуудах ёстой. Хорон муу ба айдсын гинж хамгийн чанга мэдрэгдэх тэр л газраасаа Есүсийг дуудацгаая.

Эзэн Ариун Сүнснийхээ хүчээр хорон муу нэгэнд "Яв, хүний зүрхийг амар тайван орхи. Дэлхийг бүү хагаралдуул. Гэр бүл, хамт олнуудыг битгий хуваа. Чиний биш, Миний Сүнсний үр жимс тэдэн дунд цэцэглэн гарахын тулд тэднийг тайван амьдруул" хэмээн давтаж хэлэхийг хүсдэг. Есүс ингэж л хэлдэг. “Хүмүүсийн дунд хайр, баяр баясгалан, номхон байдал ноёрхож, хүчирхийлэл, үзэн ядалтын хашхирааны оронд эрх чөлөө, амар амгалан орших болтугай”

Бүгдээрээ өөрсдөөсөө ингэж асууцгаая: Зүрх сэтгэлийг минь гавлаж байгаа гинжнүүдээс би ангижрахыг үнэхээр хүсэж байна уу? Мөн хорон муугийн уруу таталтууд миний сүнсэнд сэмхэн орохоос өмнө би тэдэнд "үгүй" гэж хэлж чадах уу? Эцэст нь, би Есүсийг дуудан, Түүнд миний дотор ажиллаж, дотроос маань намайг эдгээхийг зөвшөөрдөг үү?

Цэвэр Охин Мариа биднийг хорон муугаас хамгаалах болтугай.

Анжелусын дараа хэлсэн үгс

Эрхэм ахан дүүс ээ,

Мьянмарын ард түмний онцлог байсан тэдний инээмсэглэл өвдөлтийн хашхираан, зэвсгийн чимээгээр солигдоод гурван жил болжээ. Би Бирмийн зарим хамба ламын "хөнөөлт зэвсгүүдийг хүн төрөлхтөн болон шударга ёсыг хөгжүүлэх хэрэгсэл болгон хувиргах" уриалгад нэгдэж байна. Энх тайвныг тогтоох нь үргэлжилсэн үйл явц. Мьянмар улсын ахан дүүс хоорондоо эвлэрэхийн тулд харилцан ойлголцох алхмуудыг хийхийг би оролцогч бүх талаас хүсэж байна. Хүн бүрийн үндсэн хэрэгцээг хангахын тулд хүмүүнлэгийн тусламж оруулахыг зөвшөөрөх хэрэгтэй.

Ойрх Дорнод, Палестин, Израил, мөн зөрчилдөөнтэй газар бүрд үүнийг хийх ёстой. Бүх ард түмнийг хүндэтгэх учиртай! Украины дайны бүх хохирогч, ялангуяа амь үрэгдсэн энгийн иргэд үргэлж миний бодолд байдаг. Хүчирхийллээс залхсан, дайныг зогсоохыг хүсэж буй ард түмний энх тайвны төлөөх хашхирааныг сонсооч. Дайн бол ард түмний сүйрэл, хүн төрөлхтний ялагдал!

Өнгөрсөн долоо хоногт Хаитид барьцаалагдсан байсан гэлэнмаа нар болон тэдэнтэй хамт байсан бусад хүнийг сулласан тухай мэдээг сонсоод миний сэтгэл тайвширлаа. Энэ мөчид олзлогдсон байгаа бүх хүнийг суллаж, хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсоохыг хүсэж байна. Хаитид энх тайван тогтоход хүн бүр хувь нэмрээ оруулах ёстой. Тэдэнд олон улсын хамтын нийгэмлэгээс нэмэлт дэмжлэг шаардлагатай. 

Талархал магтаалын мөргөлийн үеэр зэвсэгт халдлагад өртсөн Истанбул хотын Санта Мариа сүмийн хамт олонтой сэтгэлээрээ ойр байгаагаа би хэлмээр байна. Энэ халдлагаас болж нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан.

Өнөөдөр Дэлхийн Уяман Өвчний өдөр тохиож байна. Энэ өвчний тоо буурч байгаа ч хамгийн ядуу, эмзэг бүлгийн хүмүүсийн дунд хамгийн аймшигт өвчний нэг хэвээр байгаа. Энэ өвчинд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлж, тэднийг буцаан нийгэмшүүлэх ажилд оролцож буй хүмүүсийг би дэмжиж байгаагаа илэрхийлье.

Ром, Италийн бусад хэсэг болон дэлхийн олон орноос хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тодруулбал, Испанийн Оливенза дахь "Puente Ajuda" дээд сургуулийн оюутнууд, Гозо дахь "Sir Michelangelo Refalo" дээд сургуулийн оюутнуудад мэндчилгээ дэвшүүлье.

Одоо би Ром дахь Католик сүм болон сургуулиудын Catholic Action бүлгэмийн охид хөвгүүдэд хандан үг хэлье. "Энх тайвны цуваа" хэмээх үйл ажиллагааны төгсгөл болгон та бүхэн энд хүрэлцэн ирлээ. Энэ үйл ажиллагааны үеэр та бүхэн Тэнгэрбурханы бэлэг болох Бүтээлийн хамгаалагч нар байх дуудлагын талаар эргэцүүлсэн. Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа! Илүү сайн сайхан нийгмийг бий болгохын төлөө зүтгэж байгаад баярлалаа. Одоо миний хажууд байгаа найзуудынхаа унших захидлыг сонсоцгооё.

[Захидлыг уншив]

Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа бүү мартаарай. Catholic Action бүлгэмийн хүүхэд залуучууд ямар сайн болохыг та бүхэн харсан! Зоригтой байгаарай! Өдрийн хоолоо амтархан идээрэй, arrivederci!

 

28 January 2024, 13:48

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >