Хайх

НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 3 сарын 13, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 11. Эрдэм буянт үйл

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Бид өмнөх хичээлүүдээр гаж бурууг тоймлон авч үзсэн. Одоо хорон мууг эсэргүүцэгч толин тусгалыг нь авч үзэх цаг болжээ. Хүний зүрх хорон муу хүслүүдийг өөгшүүлж, үнэмшилтэй тайлбараар халхлагдсан хөнөөлт уруу таталтуудад анхаарал хандуулдаг нь үнэн боловч тэдгээрийг бас эсэргүүцэх чадвартай билээ. Тэднийг эсэргүүцэх тун хэцүү ч гэлээ хүн жинхэнэ сэтгэл ханамжийг өгдөг сайн сайханд л зориулагдсан. Хүн сайн сайхныг дадал болгон хэрэгжүүлж, тийм хандлагыг өөртөө суулган төлөвшүүлэх чадвартай. Энэ гайхамшигт боломжийн тухай эргэцүүлэл нь ёс суртахууны философийн сонгодог бүлэг буюу эрдэм буяны тухай бүлгийг бий болгосон юм.

Түүнийг Ромын философичид virtus, Грекчүүд aretè гэж нэрлэдэг байв. Эрдэм буянтай хүн хүчтэй, эр зоригтой, сахилга бат, хатамжтай байх чадвартай байдгийг Латин нэр томьёо нь онцолдог. Хүчин чармайлт, зовлон зүдүүр шаардсан урт хугацааны өсөлт хөгжлийн үр жимс нь эрдэм буян аж. Харин aretè хэмээх грек үг онц сайн, тод, бишрэл төрүүлдэг зүйлийг илэрхийлдэг. Эрдэм буянтай хүн гажуудалд авталгүй дуудлагадаа үнэнч үлдэж, өөрийгөө бүрэн боловсруулдаг гэжээ.

Гэгээнтнүүдийг хүний төрөл зүйлийн хязгаарыг давсан цөөн хэдэн ялагч нар буюу онцгой хүмүүс байсан гэж бодох нь эндүүрэл. Эрдэм буяны талаарх бидний сая танилцуулсан өнцгийг авч үзвэл гэгээнтнүүд өөрсдийгөө бүрэн дүүрэн илэрхийлж, тус тусын хүйсэд зохимжтой дуудлагуудыг биелүүлсэн хүмүүс юм. Шударга ёс, хүндэтгэл, харилцан ачлал, уужим сэтгэл, итгэл найдвар ховор биш, харин өргөн дэлгэр, ердийн л зүйлс байсан бол энэ дэлхий ямар их аз жаргалтай байх байсан бол! Хүн төрөлхтний хамгийн муу муухайтай байнга эвлэрэх шаардлагатай болдог энэ хэцүү цаг үед эрдэм буянт үйлийн тухай эргэцүүллийг бүх нийтээрээ дахин харж, амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. Гажуудсан ертөнцөд бид Тэнгэрбурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс гэдгээ санах ёстой.

Эрдэм буян гэдэг ойлголтыг бид хэрхэн тодорхойлох вэ? Католик шашны сургаал бидэнд нарийн бөгөөд товч тодорхойлолтыг санал болгосон: "Эрдэм буян гэдэг нь сайныг үйлдэх гэсэн тууштай дадал, хандлага юм" (№ 1803). Энэ нь тэнгэрээс хааяа нэг унаж ирдэг эсвэл санамсаргүй тохиодог зүйл биш. Гэмт хэрэгтнүүд ч саруул ухаантай байхдаа сайн үйлс үйлдэж байсныг түүх харуулдаг. Мэдээж тэдгээр үйлс нь "Тэнгэрбурханы ном"-д бичигддэг ч гэлээ, эрдэм буянаас өөр. Эрдэм буян бол дотоод шинж чанар болох хүртлээ удаанаар төлөвшдөг сайн сайхан. Эрдэм буян бол эрх чөлөөт хандлага. Бид үйлдэл бүрээ сонгох эрх чөлөөтэй бөгөөд, үйлдэл бүртээ сайн муугийн аль нэгийг сонгодог. Бидэнд зөв сонголт хийх хандлагыг бий болгодог зүйл нь эрдэм буян юм.

Эрдэм буян гэдэг ийм сайхан бэлэг юм бол тэр даруй “Түүнийг яаж олж авах вэ?” хэмээх асуулт гарч ирнэ. Энэ асуултын хариулт энгийн биш, төвөгтэй.

Христэд итгэгч нарын хувьд хамгийн түрүүнд Тэнгэрбурханы ивээл эрдэм буяныг олж авахад тусалдаг. Үнэндээ баптисм хүртсэн бидний дотор Ариун Сүнс ажиллаж, бидний сүнсийг эрдэм буянт амьдралд хөтөлж байдаг. Сул талаа дийлж чадахгүйгээ мэдээд нулимсаараа дамжуулан гэгээн байдалд хүрсэн итгэгч хэчнээн олон гээч! Ноорог төдий байсан тэдний сайн үйлсийг Тэнгэрбурхан бүрэн дуусгадаг болохыг тэд үзсэн. Ийнхүү хишиг ивээл үргэлж бидний ёс суртахууны амлалтын урьтал болдог юм.

Эрдэм буян өсдөг бөгөөд, түүнийг хөгжүүлж болдог хэмээх эртний хүмүүсийн мэргэн сургамжийг бид хэзээ ч мартаж болохгүй. Түүнийг хөгжүүлэхийн тулд Ариун Сүнснээс хамгийн түрүүнд мэргэн ухааны бэлгийг хүсэх хэрэгтэй. Хүний дотор заримдаа эмх замбараагүй оршдог таашаал, сэтгэл хөдлөл, зөн, дур хүслийн хүчнүүд хүнийг чөлөөтэй эзэмдэн авдаг байх ёсгүй. Амьдралаа зөв чиглүүлэхийн тулд алдаанаасаа суралцдаг мэргэн ухаан болон нээлттэй сэтгэлгээ нь бидний дотор байдаг үнэлж баршгүй бэлэг юм. Эдгээр дээр нэмээд сайныг сонгодог, аливаа юмны тунг хэтрүүлэхээс зайлсхийн хатамжлах дасгалаар өөрийгөө төлөвшүүлдэг хүсэл зориг бидэнд хэрэгтэй.

Эрхэм ахан дүүс ээ, бид ийнхүү сорилт ихтэй энэ ертөнцөд аз жаргалтай байхад чухал ач холбогдол бүхий эрдэм буяны сэдвийг эхлүүллээ.

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр энд ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочид, ялангуяа Нидерланд, Америкийн Нэгдсэн Улсын  хүмүүст энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Энэхүү Дөч хоногт цаг улирал та бүхэн болон танай гэр бүлийнхний хувьд хишиг ивээл, оюун санааны шинэчлэлийн цаг болоосой хэмээн сайн сайхныг хүсэж байна. Бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг та бүхний дээр хүсэн залбиръя. Тэнгэрбурхан та бүгдийг ивээг!

Ариун Эцгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ: Бид эрдэм буян, гаж буруугийн тухай хичээлийнхээ хүрээнд "сайныг үйлдэх гэсэн тууштай дадал, хандлага" гэж Католик шашны сургаалд тодорхойлогдсон эрдэм буяны мөн чанарыг авч үзэх болно. Тэнгэрбурханы дүр төрхөөр, Түүнтэй адилхан бүтээгдсэн бид сайн сайханд зориулагдсан. Гэсэн хэдий ч нүгэлт ертөнцөд эрдэм буяныг эрэлхийлж, гаж буруугаас ангид байх нь сахилга бат, тэвчээрийг шаарддаг. Эрдэм буянаар өсөх нь хүний эрх чөлөөний хамгийн дээд илэрхийлэл мөн ч Тэнгэрбурханы урьдаас өгсөн хишиг ивээлийн бэлгээр дэмжигдэх учиртай. Иймд Судар бидэнд Ариун Сүнсний мэргэн ухааны төлөө залбирахыг зөвлөдөг. Ариун Сүнсний мэргэн ухааны бэлгийн тусламжтайгаар бид Эзэний хүслийг мэдэж, шийдвэр бүрээ түүнд нийцүүлж, ивээл хайраар дүүрэн Түүний төлөвлөгөөний дагуу амьдрах боломжтой болно.

13 March 2024, 16:11

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >