Хайх

НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 4 сарын 3, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 13. Шударга ёс

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд! Амилалтын баярын мэнд хүргэе!

Бид өнөөдөр хоёрдугаар үндсэн эрдэм буян болох шударга ёсны тухай ярих болно. Шударга ёс бол нийгэмд нэн чухал эрдэм буян билээ. Католик шашны сургаалд түүнийг "Тэнгэрбурхан болон бусдын авах эрхтэй зүйлийг нь тэдэнд өгөхийг эрмэлзсэн бат, тогтвортой хүсэл зориг бүхий ёс суртахууны эрдэм буян" хэмээн тодорхойлдог (№ 1807). Ихэнхдээ шударга ёсыг "unicuique suum" буюу "хүн бүрд хүртэх зохистой зүйлийг нь хүртээх" гэсэн уриагаар төлөөлүүлдэг. Энэ нь хүмүүсийн хоорондын харилцааг шударгаар зохицуулахыг эрмэлздэг хуулийн эрдэм буян юм.

Хүмүүсийн хоорондох харилцааны тэнцвэр алдагдаж гажуудах эрсдэлтэй болох үед шударга ёс "оноог тэнцүүлдэг" тул түүнийг жинлүүртэй зүйрлэн дүрсэлдэг. Нийгэм дэх хүн бүртэй зохист эрхэм чанарынх нь дагуу харьцах нь шударга ёсны зорилго мөн. Гэхдээ түүнийг хэрэгжүүлэхийн тулд хүмүүс зэрэгцэн оршин тогтноход тусалдаг эрдэм буянууд шаардлагатай гэдгийг эртний багш нар хэдийнээ сургасан билээ. Тэдгээр нь ачлал, хүндэтгэл, талархал, эелдэг байдал болон үнэнч шударга зан юм. Хүмүүс хоорондоо эв түнжинтэй зэрэгцэн оршин тогтноход шударга ёс хэрэгтэй.

Нийгэмд хүмүүс энх тайван зэрэгцэн амьдрахад шударга ёс ямар чухал болохыг бид бүгд мэднэ. Хүний эрхийг дээдэлсэн хуульгүй ертөнц бол амьдрах боломжгүй ширэнгэн ой мэт байх болно. Шударга ёс байхгүй газар амар амгалан гэж үгүй. Шударга ёс байхгүй бол амар амгалан байхгүй. Үнэхээр л шударга ёсыг дээдлээгүй газар зөрчилдөөнүүд үүсдэг. Түүнгүйгээр хүчтэй нь хүчгүйгээ давамгайлах хууль тогтдог бөгөөд ийм нийгэм шударга бус байдаг.

Гэхдээ шударга ёс бол том жижиг ямар ч хүрээнд үйлчилдэг эрдэм буян юм. Тэр зөвхөн шүүхийн танхим төдийгүй бидний өдөр тутмын амьдралыг тодорхойлдог ёс зүйд ч хамаатай. Бусадтай чин сэтгэлээсээ харилцах суурийг шударга ёс бүтээдэг. Сайн мэдээний айлдлын дагуу Христэд итгэгчийн амнаас гарах үг "‘За бол за, үгүй бол үгүй’ байх ёстой. Учир нь эдгээрээс цааших нь муугаас гардаг” (Матай 5:37). Хөршөө хуурах зорилготой хэлсэн хоёрдмол утгатай үгс, тал нь үнэн өгүүлбэрүүд болон жинхэнэ санаагаа нуух явдал нь шударга ёсонд нийцэх хандлага биш. Зөвт хүн шударга, энгийн бөгөөд шулуухнаар ярьдаг. Тэр баг зүүлгүй өөрийгөө байгаагаар нь харуулдаг бөгөөд үнэнийг хэлдэг. Түүний уруул дээр байнга "Баярлалаа" гэх үгс бий. Учир нь хүмүүс бид хэчнээн өгөөмөр байхыг хичээсэн ч хөршдөө үргэлж өртэй хэвээр үлддэгийг тэр мэддэг юм. Бид эхлээд хайрлагдсан учраас л бусдыг хайрлаж чаддаг билээ.

Түүхэн уламжлалаас бид зөвт хүний тоо томшгүй олон дүрслэлийг олж болно. Тэдгээрийн заримыг авч үзэцгээе. Хууль дүрмүүд нь хамгаалалтгүй хүмүүсийг хүчирхэг эрх мэдэлтнүүдийн дарангуйллаас хамгаалдаг гэдгийг зөвт хүн мэддэг учраас тэдгээрийг хүндэлдэг. Зөвт хүн зөвхөн өөрийнхөө сайн сайхныг төдийгүй, нийгмийн сайн сайхныг хүсэмжилнэ. Тийм учраас тэр хууль ёсных байсан ч бай, зөвхөн өөрийнхөө тухай бодож, өөрийн асуудлуудыг хорвоо дээрх цорын ганц зүйл хэмээн сэтгэх уруу таталтад автдаггүй. Шударга ёсны эрдэм буян нь нийтийн сайн сайхан хангагдаагүй цагт хувь хүний сайн сайхан жинхэнээсээ бүрдэх боломжгүй гэдгийг тодорхой харуулдаг бөгөөд нийтийн сайн сайханд эрмэлзэх хэрэгцээг бидний зүрхэнд суулгадаг юм.

Иймд зөвт хүн бусдад хор хөнөөл учруулахгүйн тулд өөрийн үйлдлүүдийг хянаж байдаг. Хэрэв тэр алдаа гаргасан бол уучлалт гуйдаг. Зарим тохиолдолд тэр өөрийн эд зүйлийг олонтой хуваалцахын тулд золиос ч гаргана. Албан тушаал нь хүнийг өнгөлдөг биш, харин хүн нь албан тушаалаа өнгөлдөг эмх цэгцтэй нийгмийг тэр хүсэмжилнэ. Танил талаа ашиглаж, тэдэнд давуу хандахыг тэр цээрлэдэг. Шударга хүн хариуцлага үүрэх дуртай бөгөөд хуулийг гаргууд баримтална. Энэ л шударга ёсны зам, авлигын эсрэг эм юм. Хүмүүсийг, ялангуяа залуусыг хууль журмыг баримтлах соёлд сургах нь хэчнээн чухал гээч! Ингэх нь авлигын хорт хавдраас урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг хөрстэй нь зайлуулах арга юм.

Цаашилбал, зөвт хүн гүтгэлэг, худал мэдүүлэг, залилан, мөнгө хүүлэлт, тохуурхал, шударга бус үйлдэл гэх мэт хор хөнөөлтэй үйлсээс зайлсхийдэг. Зөвт хүн амлалтаа биелүүлж, зээлсэн зүйлээ буцаан өгч, хөдөлмөрлөсөн бүх хүнд таарсан цалинг нь өгдөг. Ажилчдад зохистой хөлсийг нь өгдөггүй хүн шударга бус хүн юм. Зөвт хүн хөршийнхөө талаар хөнгөн хуумгай дүгнэлт хийхээс болгоомжилж, бусдын нэр хүнд, сайн нэрийг хамгаалдаг.

Дэлхий дээр зөвт хүн олон байдаг уу, эсвэл үнэт сувд шиг ховор байдаг уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ өөрсдөдөө болон амьдарч буй ертөнцдөө хишиг ивээл, адисуудыг татдаг хүмүүс бий. “Зальтай, овсгоотой” хүмүүстэй харьцуулахад тэд ялагдсан, хожигдсон хүмүүс биш. Учир нь Бичээст “Зөвт байдал, хайр энэрлийг мөшгөвөөс амь, алдрыг олно” (Сургаалт үгс 21:21) хэмээсэн байдаг. Зөвт хүмүүс бол хянан байцаагчийн дүртэй ёс суртахуун номлогчид биш. Харин "зөвт байдлын төлөө өлсөж цангадаг" (Матай 5:6), бүх нийтийн ахан дүүсийн холбоог хүсэж мөрөөддөг шулуун шударга хүмүүс юм. Энэ мөрөөдөл нэн ялангуяа өнөөдөр бид бүгдэд маш их хэрэгтэй байна. Зөвт эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгэмд хэрэгтэй. Тэд нийгмийг аз жаргалтай болгоно.

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр энд ирсэн хүмүүс, ялангуяа Швед, Мальта, Солонгос, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочдод халуун мэндчилгээ дэвшүүлье. Амилсан Христийн баяр баясгалан дотор би та бүхэн болон та бүхний гэр бүлийнхний төлөө Эцэг Тэнгэрбурханы өгөөмөр нигүүлслийг хүсэн залбирч байна. Эзэн та бүгдийг адислах болтугай!

УРИАЛГА

Харамсалтай нь Ойрх Дорнодоос гунигтай мэдээнүүд ирсээр байна. Газын зурваст нэн даруй галыг зогсоох тууштай хүсэлтээ би дахин илэрхийлье. Тэнд хүмүүнлэгийн тусламж хүртээж яваад амь үрэгдсэн сайн дурын ажилтнуудын төлөө гүнээ харамсаж байна. Би тэдний болон тэдний гэр бүлийнхний төлөө залбирч байгаа. Ядарч, зовж шаналж буй энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг, мөн барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй суллахыг би дахин уриалъя. Бүс нутгийн мөргөлдөөнийг өргөжүүлэх гэсэн бүх хариуцлагагүй оролдлогоос зайлсхийцгээе. Мөн дэлхийн олон хэсэгт үхэл, зовлон авчирсаар байгаа энэ болон бусад дайныг аль болох хурдан дуусгахын төлөө ажиллацгаая. Зэвсгийн дуу намдаж, энх тайван дахин ноёрхохын төлөө залбирч, уйгагүй зүтгэцгээе.

Бид тарчлан шаналж буй Украиныг мартаж болохгүй. Украин дахь дайны улмаас маш олон хүн амь үрэгдсэн! Дайнд амь үрэгдсэн нэгэн цэргийн үлдээсэн сарнайн эрих, Шинэ Гэрээ миний гарт байна. Тэр хүүг Александр гэдэг байсан бөгөөд тэр 23 настай байв. Александр Шинэ Гэрээ ба Дуулал номыг уншиж, 130 дугаар дууллын доогуур зуран тэмдэглэжээ: "Аяа, ЭЗЭН, би гүнээс Тан уруу хашхирна! Эзэн, дуу хоолойг минь сонсооч!" 23 настай байсан энэ хүү Авдиевка хотын мөргөлдөөнд амь үрэгдсэн. Бүхий л амьдрал түүний өмнө байсан. Энэ бол түүний уншиж байсан Шинэ Гэрээ, залбирч байсан сарнайн эрих. Дайны тэнэглэлд амь үрэгдсэн энэ хүү болон түүнтэй адил олон хүнийг бодож, хэсэг чимээгүй байцгаая. Дайн үргэлж устган сөнөөдөг! Дайнд үрэгдсэн тэдний тухай бодож, залбирцгаая.

Ариун Эцгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ, эрдэм буяныг судлах явцынхаа хүрээнд бид өнөөдөр "Тэнгэрбурхан болон бусдын авах эрхтэй зүйлийг нь тэдэнд өгөхийг эрмэлзсэн бат, тогтвортой хүсэл зориг" (№ 1807) гэж Католик шашны сургаалд тодорхойлогдсон шударга ёс руу анхаарлаа хандуулах болно. Шударга ёс бол зөвхөн хувь хүмүүсийн хэрэгжүүлэх эрдэм буян биш. Энэ нь хүн бүртэй зохист эрхэм чанарынх нь дагуу харьцах нийгмийг бий болгоход чиглэгддэг учраас юуны түрүүнд нийгмийн эрдэм буян юм. Шударга ёс нь энх тайвны үндэс болдог. Шударга ёсыг хэрэгжүүлэхийн тулд гүдэс, зарчимч байдал, хуулийг хүндэтгэх, нийтийн сайн сайхны төлөө тууштай зүтгэх зэрэг бусад эрдэм буяныг хэрэгжүүлэх шаардлагатай. Есүс зөвт байдлын төлөө өлсөж, цангагсдыг ерөөлтэй хэмээсэн (Матай 5:6). Дайн дажин, илэрхий тэгш бус байдалд автсан манай дэлхийд шударга ёсны төлөө тууштай зүтгэгч эрэгтэй, эмэгтэй хүмүүс их хэрэгтэй байна. Тийм хүмүүсийн ачаар хүн төрөлхтөн эв нэгдэлтэй, энх тайван амьдарч, цэцэглэн хөгжих боломжтой.

03 April 2024, 16:35

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >